Wednesday, June 25, 2014

1 / 39
МААНИЙН АЧ ТУС
Маани тоолохын өмнө маанийн утга учрыг бид сайн ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс мааниас илүү ном тарни байдаг гэж бодож байж юуны магад.

Тэр буруу бөгөөд  Мааниас илүү ном байхгүй юм. Бурханы сургасан бүх номыг тоолбол бүгд нийлээд найман түм дөрвөн мянга байдаг гэдэг.

Энэ бүгдийн багц гүн утга маанийн үсгэнд бүрэн  гүйцэд багтсан байдаг юм.

Юуны түрүүнд би та бүхэнд маанийн утга учрыг тайлбарлах болно. Дараа нь маань уншихын ач тусыг хэлж өгье. Эцэст нь маанийг хэрхэн унших, маанийн эрдэмд боловсрох тухай заах болно.

Маани тоолох, тарни тоолох гэдэг нь: Учир зүггүй хаалга цонхоо хаагаад харанхуй дотор огт хөдөлгөөнгүй суугаад бясалгахын утга учир бишээ.Өөрийн сэтгэл санааг зөв, эерэг тийш нь өөрчилж төлөвшүүлэхийн нэр. “УМ-МА-НИ-БАД-МЭ-ХУМ” буюу маани хэмээх зургаан үсэгтэй.

Эхний УМ үсэгийн талаар: Ум үсэг нь А, Ү, МА үсгийн нийлбэр юм.Энэ гурван үсэг нь арилсан чанарын талаас Бурхан лагшин, зарлиг, таалал арилаагүй чанарын талаас амьтаны бие хэл сэтгэл гурвыг бэлгэдэж байдаг гэсэн үг. УМ-ын дараа МАНИ гэсэн үг байгаа.

МАНИ гэдэг үг нь: үнэт эрдэнэ гэсэн утгатай.Энэ эрдэнэ нь асрангуй, энэрэнгүй, бодь сэтгэлийг бэлэгдэнэ. БАДМА гэдэг үг нь хоосон чанарыг оносон билэг билгүүний бэлэг тэмдэг. ХУМ гэсэн үг нь өөрчлөх гэсэн утга санаатай үг юм.

Жишээлбэл:Муу хүн сайн болж өөрчилөгдөхийг хэлж болно. Саяных бол зөвхөн үгийн тайлбар байлаа. Одоо маанийн утгыг тайлбарлая.Таны бие,хэл, сэтгэл гурвыг бэлэгдэж байгаа УМ үсэг бол нисваанисын гурван хорт сэтгэлд баригдсан арилаагүй бие, хэл, сэтгэл гэсэн утгыг илэрхийлнэ.

МАНИ, БАДМЭ - гээр бэлэгдсэн арга хэмээх бодийн сэтгэл,билэг хэмээх хоосон чанарыг онох оюун ухаан хоёр нийлж арга билгийн зам мөр болж таны ариусаагүй бие, хэл, сэтгэл гурвыг ариуссан Бурханы лагшин, зарлиг,таалалд, хувиргах гэсэн санаа.

Аргын тал хэмээх нигүүсэн сэтгэл нь таны нисваанислэг сэтгэлийн угаах мэт ариусгасанаар нисваанисын хир буртгийн үндэс болсон өөрийгөө эрхэмлэх үзлийг ерөндөг болдог юм.Хоосон чанарыг онох билэг оюун нь аливаа зүйлийг бодит үнэнд баримталдаг мунхаг сэтгэлийг арилгагч ерөндөг болдог.

Мунхаг сэтгэл бол хамаг нисваанис, буруу сэтгэлийн үндэс болж байдаг. Бохир усан дээр жишээ авья.Бохир усны бохир нь усаны чанарт нэгдэж оршдоггүй, шүүлтүүрээр шүүхэд булингар нь арилж цэвэр чанар нь ил болдог бөгөөд тунгалаг цэвэр усыг хаа нэгтээ газараас шинээр авчралгүй бохир усан дотороос гаргаж ирдэг. Бохир усны шалтгаан нь тоос шороо байдаг. Энэ жишээ нь хүний сэтгэлийн буртгийг хоёр арга хэрэглээд шүүж ариутгахыг харуулж байна. Бохир сэтгэл нь ариун сэтгэл дээр буртаг халдсаныг л хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл нисваанисын гурван хор нь таны сэтгэлийн мөн чанарт оршоогүй, нэгдэл чанартай бус юм. Шалгуур ухааны шастир буюу Бурханы шашны Чойрын номд заахдаа “ Уур хэмээх нисваанисын нэг төрөл зүйл хэрэв сэтгэлтэй салшгүй нэгдмэл байдаг бол бид цаг үргэлж уурлаж байх учиртай” гэж заасан байдаг. Гал байгаа цагт халуун чанар байж л байдаг нь халуун чанарыг галтай салшгүй нэгдмэлийг харуулж байна. Гэтэл заримдаа хүнд уур хилэн бус нигүүлсэн өрөвч сэтгэл гаргах бусдыг хайрлах сэтгэлийг төрүүлж чаддаг шүү дээ.

Бас заримдаа бидний сэтгэлийг уур уцаар эзэмддэг. Үүнээс уур хилэн, хайр энэрэл хүний сэтгэлд ээлжилж байгаа нь уур хилэн угаасаа хүний сэтгэлийн мөн чанар бусдын тов тод шинж тэмдэг юм. Уур хилэн гэх мэт нисваанист сэтгэлүүдийг арга, билэг хэмээх хоёр замыг ашиглан сэтгэл дээрээс үндсээр нь арилгах боломжтой.

Нисваанист сэтгэл арилна гэдэг нь эгэлийн бие, хэл, сэтгэл. Бурхан лагшин, зарлиг, таалал, болж хувирахын тод жишээ юм. Тийм бодь сэтгэлийн үүсгэхийн өмнө магад гарахуйн сэтгэлийг төрүүлэх ёстой юм.

Магад гарахуйн сэтгэлийг төрүүлэхийн тулд дөрвөн үнэний ёсыг мэдсэн байх хэрэгтэй. Ийм учраас л  Бурханы найман түм,дөрвөн мянган ном сургаал, Богд ламын айлдсан номын бүх утга санаа маанийн зургаан үсгэнд бүрэн багтсан байдаг. Миний ариусаагүй, буртагт бие, хэл сэтгэл ариусагч Бурханы лагшин, зарлиг, таалал болох болтугай гэсэн санаагаар маанийг тоолох учиртай.

Маанийн гүн гүзгий утгыг ойлговол:
 - Ганц  удаа уншсан буяныг нь хэмжишгүй юм. Хэдийгээр бурхан наян дөрвөн мянган номыг бүгдийг айлдхад цаг хүрэлцэхгүй боловч маанийн гүн гүнзгий утгыг ойлгуулаад уншуулахад түүний тус эрдэм нь тэдгээр номыг бүгдийг уншсантай тэнцүү болно.Бурхан багшийн айлдвараас"Маани уншсаны ач гавьяа"-г авч ярья.
Бурхан багш: “ Би гадаад далайн усны тоосонцорыг нэг бүрчлэн тоолоод цаана нь гарч чадна.Харин хэн нэгэн хүний бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлээр буюу асрангуй , энэрэнгүй, сэтгэлийн үүднээс тоолсон ганц маанийн үр дүнд гарсан буяныг тоолж чадахгүй” гэж сургасан юм.

Бурхан багш бас: “Сүмбэр уулыг тоос нэг бүрчлэн тоолоод хичнээн тоосонцортой вэ гэдэгийг мэдэж чадах боловч асрангуй сэтгэлийн үүднээс маань уншсан бодгалийн хураасан буяныг би тоолж барахгүй” гэж сургасан юм. Маанийн бас нэг ач тусыг Бурхан багш сургахдаа “ Маанийг өдөр алгасахгүй уншина тэр хүн үхэн үхтлээ зовлон амсахгүйг би амлаж чадна” гэжээ.

Тиймээс та бүхэн асрангуй энэрэнгүй сэтгэлийн үүднээс өдөр тутам таслахгүй зуун маань уншаад байх хэрэгтэй юм.Тэгвэл гурван муу заяаны зовлон амсахгүй байх баталгааг өгч чадна.Өөр олон янзын ном үйлдэлгүй ганц эрхи маанинд таван минутыг л зарцуулж байхад хангалттай.

Таван минут ч болохгүй шүү дээ. Энэ дэлхий дээр Бурхан багшаас том багш, Бурханы сургасан номоос илүү ном байхгүй.Тийм учраас итгэсжлэх сэтгэлийн үүднээс унших хэрэгтэй юм.Өдөр таслахгүй нэг эрхи ч болохнээ унших хэрэгтэй юм.Тэгэх юм бол энэ яваа нас болон ирээдүй хойд төрөлдөө дандаа аз жаргал руу шат өөдөө өгсөж явах болно. Энэ бол миний амлалт, та бүхэнд өгч байгаа бэлэг мөн.Өдөр алгасалгүй эрхи маань уншихад таван минутаа зориулж байсан бол таныг нас бархад сайн төрөлд төрөөсэй гэж араас чинь ном уншуулах хэрэг байхгүй.

Маани унших гэдэг нь: -Хүн өөртөө сайн сайхан амьдрах эрх чөлөөг өгч байгаа хэрэг юм.

УМ МА НИ БАДМЭ ХУМ  Маанийг өдөрт зуун удаа нэг эрхи уншиж чадвал буяны зүгийг тэтгэдэг сахиус тэр хүнийг сахиж хамгаалах тус эрдэм буй гэж Бурхан багш айлдсан юм. Бүр хамгаалахдаа балан дээр цугалсан зөгийнүүд шиг хуралдан ирж таныг хамгаалж байдаг гэсэн юм. Энэ бол  Бурхан багшийн өөрийнх нь айлдвар мөн юмаа.

Маани уншиж байхдаа анхаарах зүйл буюу маань унших ёсны тухай хэлж өгье: - Чадвал олон эрхи, чадахгүй бол зуун мааниа бүү таслаарай. Маань тоолж буй хүн сэтгэлээ тогтоож байгаад маань тоолох ёстой.Ямагт санаагаа өөр зүйлд сарниулж болохгүй.

Энэтхэгийн их мэргэн Шантидэва богд өөрийнхөө нэгэн зохиолд “ Ямар нэгэн маань тарнийг урьж унших эсвэл хатуужил туулж диян бясалгал үйлдэж үр дүнг нь үзэх гэж хичнээн хичээвч сэтгэлээ гадаад эд юмсад сарниулан, тогтоож эс чадвал ямар ч үр дүнд хүрэхгүй” гэж сургасан юм.

Ном уншиж байхдаа өнөөдөр юу хийх билээ, маргааш яах билээ гэж элдэв бодолд сэтгэлээ сарниулаад байж болохгүй.Тухайн бясалгал, уншлага, урилга дээрээ л сэтгэлээ төвлөрүүлэх хэрэгтэй.Маань тоолж буй тэрхэн хугацаагаа мааниндаа л зориулахаас бус өөр хэрэгт хошуу дүрэх хэрэггүй юм.Лам нар юу хийж байна, хуваргууд юу хийж байна гэж бусдын хэрэгт хошуу дүрэлгүй өөрөө өөрийгөө л анхаарч суух хэрэгтэй.

Маани уншихдааӨөрийхөө өмнө Жанрайсэг бурхан байна гэж бодож байгаарай. “УМ МАНИ БАДМЭ ХУМ” гээд тогтуун сайхан сэтгэлээр уншина.Ингэмэгц өмнө чинь байгаа Жанрайсэг бурханаас рашааны чанартай гэрэл цацарч өөрт тань шингэлээгэж бодно.Эхлээд тэр гэрлийг өөртөө бус өөр бусад амьтад тусч байна гэж бодно.
                                                                                           

Эх сурвалжийг:  Зопа ринбүчийн  "Маани Тарни бүтээх ёсон" айлдвараас  
                                 www.greentaramantra.blogspot.com
Буддын шашин ертөнцийг хэрхэн үздэг тухай
Буддын шашны ертөнцийн тогтоц бүтцийн тухай үзэл нь Хутагтын дөрвөн үнэний анхных болох Зовлонгийн үнэний хүрээнд авч үздэг өргөн хүрээтэй асуудал юм. Ертөнцийг материаллаг буюу сав ертөнц, оюун ухааны, сэтгэлийн тал буюу шим ертөнц гэсэн хоёр хэсэгт ангилж үздэг. Сав ертөнц нь хийн мандал, усан мандал, шороон мандал гэсэн гурван хэсгээс бүрддэг гэж бурханы шашинд үздэг бөгөөд хийн мандал нь сав ертөнцийг бүрдүүлэх үндэс суурь нь болж байдаг гэж үздэг. Хийн мандлын дээр усан мандал тогтох ба усан мандлын дээр шороон мандал тогтоно. Шороон мандлын төвд Сүмбэр уул орших ба Сүмбэр уулнаас ертөнцийн дөрвөн зүг гарна гэдэг. Дорно зүгийг шилээр, өмнө зүгийг биндэрьяа, умард зүгийг алтаар, өрнө зүгийг бадмааргаар бэлгэддэг ажээ. Сүмбэр уулыг тойроод Буулгат модон уул, Анжсан сумт уул, Кадирагам уул, Үзэсгэлэнт уул, Морин чихт уул, Маш үүдсэн уул, Мөхөөр баригч уул гэсэн 7 алтан уул хүрээлэх бөгөөд эдний гадуур Төмөр уул байна. Төмөр уулсын завсраар Цэнгэлийн долоон нуур орших бөгөөд хамгийн гадна талаар гадаад их Далай байх ажээ.

Цэнгэлийн долоон нуур нь найман онцгой чанартай. Үүнд: сэрүүн, амтат, хөнгөн, зөөлөн, тунгалаг, сайхан, биед харшлахгүй, уухад хэвлийд харшлахгүй. Цэнгэлийн долоон нуурын дотор Нанда, Убананда, Морины шүтээн, Музиланда, Махсув, Ридараста, Их гар, Ээвлийн навчит гэсэн лусын найман орон байх ажээ.

Гадаад их далайд 4 их тив байдаг ажээ. Үүнд Үлэмж биетийн тив (заримдаг саран хэлбэртэй), Замбуу тив (тархи мэт хэлбэртэй), Үхэр эдлэгч тив (дүгэрэг хэлбэртэй), Муу дуутын тив (дөрвөлжин хэлбэртэй) байна.

Тив болгонд хүн амьдрах бөгөөд Замбуу тивийн төрөлхтөн хамгийн бага настай. Гэхдээ бусдаасаа илүү ухаантай учир Хүрдэн эргүүлэгч (Орчлонг эрхшээгч) хаан, эсвэл Бурхан болох чадвартай гэнэ. Муу дуутын тив Сүмбэр уулын хойт зүгт орших бөгөөд тэнд орших хүмүүсийг нас нөхцөхөөс долоо хоногийн өмнө огторгуйгаас “Чи үхэх болой” хэмээх яруу бус дуун гарах учир дуун муут тив гэж нэрлэсэн гэдэг.

Энэ мэт дөрвөн гол тивээс гадна найман дагуул тив байдаг. Замбуу тивийн хамгийн голд Очирт суурин орших бөгөөд Очирт суурингаас умард зүгт есөн хар уул байна. Энэ есөн уулны цаана Их цаст Тисва уул, түүний дэргэд Хүжний үнэрт уул гэж байна. Энэ хоёр уулын завсар Анабада хэмээх далай орших бөгөөд эндээс Ганга, Синду, Сид, Багту гэсэн дөрвөн их мөрөн эх авч урсана. Замбуу тивд Чанбу, Саламали, Маш бат салын хаан гэсэн гурван үлэмж мод байна. Мөн энэ тивд таван их орон байна. Очирт суурины орон, Тунгалаг сэрүүн уулын орон, Бодала орон, Удаяана орон, Самудала орон.

Замбуу тивийн дор Габилин хэмээх балгас (хот) орших бөгөөд тэнд Эрлэг Номын хаан байх ажээ.

Сүмбэр уулын усны завсарт Асурын балгас байх бөгөөд тэр балгасын дор од эрхэс байрлах ажээ. Сүмбэр уул нь дөрвөн үе тэнгэрээс тогтоно. Гартаа тэвш баригч Ялха тэнгэр, Эрх баригч тэнгэр, Насад согтогч тэнгэр, 4 махаранзын тэнгэр. Үүний дээр 33 тэнгэр байх бөгөөд үүнийг эдийн найман тэнгэр, нарны 12 хөвгүүн тэнгэр, 11 догшин тэнгэр, Агсуванийн 2 хөвгүүн тэнгэр. Үүний дээр дөрвөн өнцөгт, гартаа очир баригчийн орд байна. Түүний дотор Үзэсгэлэн гоо нэрт Хурмастын ордон байрлана. Үүний дунд нь машид ялгуусан хэмээх сайхан харш байх ажээ. Энэ харш нь гадуураа 4 цэцэрлэгтэй. Элдэв дээд, Ширүүн болгогч, Хольцонгуй, Баясгалант цэцэрлэг.

Түүний дээр Түшидийн тэнгэр байх бөгөөд Түшдээс дээр 1000, 1000-р ертөнцийн орныг үечилдэг.

Харин шим ертөнцөд гурван орон байна. Үүнд хүслийн буюу амармагийн орон, дүрстийн орон, дүрсгүйн орон. Хүслийн ертөнцөд юмс үзэгдлийг харьцангуйд сэтгэдэг амьтад багтана. Учир нь ухамсар нь ямагт бие махбодийнхоо  хязгаарлагдмал төлөвт захирагддаг. Илт номын ёсоор амармагийн орны амьтад нь там, бирд, адгуус, хүн, тэнгэр гэсэн таван зүйл амьтан байна. Тэнгэрийн ертөнцөд хүслийн ертөнцийн 6 зүйл тэнгэр, дүрстийн ертөнцийн тэнгэр багтана. 6 зүйл тэнгэрт 4 махаранзын аймгийн тэнгэр, 33 тэнгэр, Байлдаанаас хагацсан тэнгэр, Хувилгаан дор баясагч тэнгэр, Бусдын хувилгааныг эрхээр болгогч тэнгэр багтана.

Дүрст ертөнцийн 17 тэнгэр байна. Үүнд Гэрэлт тэнгэрийн аймгийн 3 тэнгэр, Буянт тэнгэрийн аймгийн 3 тэнгэр, Хутагтын 5 аймаг тэнгэр, Бэртэгчний орны 3 тэнгэр, Их бус тэнгэр, Үл энэлэгч тэнгэр, Маш унжигч тэнгэр, Тансагт тэнгэр, Агиста тэнгэр.

Дүрсгүйн оронд юу ч бодитой оршихгүй. Энэ нь хоосон чанарыг ухаарсан ухамсар юм. Гэхдээ дүрсгүйн орныг дөрвөн шинжээр илэрхийлдэг. Огторгуйн тоолшгүй түрэн түгэхүй, Тийн мэдэл хязгаарлашгүй түрэн түгэхүй, Юухан бээр үгүй түгэн түгэхүй, Хуран мэдэхүй үгүй, хуран мэдэхүй үгүй бусын төрөн түгэхүй дөрөв байна

Ногоон дарь эхийн тарни - Кунзе

http://www.youtube.com/watch?v=5Bc5cLwz09I

НОГООН ДАРЬ ЭХ


Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Ногоон Дарь Эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусладаг. Тиймээс Ногоод Дарь Эх бурханыг “Түргэн Эх” ч гэж нэрлэдэг юм. Ногоон Дарь Эх бурханы лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн талруу ялимгүй хазайсан байдалтай залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлж буй.     
Ногоон дарь эх бурханы номыг унших үед юу бодох вэ?
Өөрийн өмнөх огторгуйд Ногоон Дарь Эх бурхан бодитой залран ирсэн байна. Ном уншихын сацуу түүний лагшинаас гэрэл цацарч өөрийн биед тусах үед бие, хэл, сэтгэл гуравт Ногоон Дарь Эх бурханы лагшин, зарлиг, таалалын адистид шингэх ба энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан бүгдэд адистид шингэж байна хэмээн бясалгана. Ийнхүү агуу адистид хүртсэнээр уур хилэн, хүсэл шунал тэргүүтэй хамаг муу сэтгэлүүд арилан ариусч санасан сэдсэн үйл хэрэг сэтгэлчилэн бүтэх болтугай, эцэг, эх тэргүүтэй хамаг амьтдын хүссэн бүхэн ачлалт Ногоон Дарь Эхийн адистидээр биелэх болтугай хэмээн залбирах болой.
Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.
Ном унших
Төгсгөлд- Ачлалт Ногоон Дарь эх бурханы агуу их адистидын хүчээр аливаа санасан сэдсэн үйлс хэрэг тань аяндаа бүтэхийн өлзийт ерөөлийг өргөмүй

Бурханы шашин бусад шашнаас юугаараа онцлог вэ?

a) Бурханы шашин аливаа юмсын оршин буй чанарыг үнэн мөн чанараар гаргадаг хоосон чанарын үзлээр ялгаатай.
b) Бусад шашин хайр гэж зүгээр л ярьдаг. Яаж хайрыг бий болгох учир шалтгаан ерөөс байдаггүй. Гэтэл Бурханы шашинд хайрыг маш олон хувааж үздэг бөгөөд залуус хоорондын хайр дурлалыг жинхэнэ хайр биш харин нь бие биедээ тачаасан шунал гэж үздэг. Жинхэнэ энэрэн нигүүлсэх сэтгэлийг яаж үүсгэх учир шалтгааныг нарийн шат дараалалтайгаар гаргаж үздэг бөгөөд зөвхөн энэ сэдэвтэй холбоотой ном маш олон байдаг учир энэрэх, нигүүлсэх сэтгэлээр бусад шашнаас нэн онцгой.
c) Мөн бусад шашинд Библи, Коран гэх мэт ганцхан ном л байдаг. Гэтэл Бурханы шашинд сэтгэлийн 84.000 гэмийг арилгахад зориулагдсан 84.000 ном бий. Зөвхөн Бурхан багшийн айлдсан номын хэмжээг тооцож үзэхэд том заанаар ачсан ачаагаар дүүрэн бэхээр цаасанд буулгахад хүрэхүйеэ үгүйтэй гэж үздэг. Тэгэхээр арвин ном судраараа бусад шашнаас нэн онцлог юм. Бурханы айлдсан сургаал, ном үнэхээр үнэн болохын нэг баталгаа нь номын зам мөрөөр явж өндөр түвшинд хүрч эрдэм чадлыг олсон лам нар маш олон гарсан. Үүгээрээ бусад шашниас бас л онцлог бөгөөд тэдгээр өндөр түвшинд хүрсэн лам нарын айлдсан номлол нь бас л арвин их ном судар бий. Энд нэг зүйл цохоод хэлэхэд зарим хүмүүс Бурхан багшийн шавь нарын айлдсан номыг Бурхан багшийн айлдаж байсан номоос огт өөр шинэ ном айлдсан мэт үздэг. Энэ нь их төөрөгдөл бөгөөд нэгдүгээрт хэл үргэлж шинэчлэгдэж өөрчлөгдөж байдаг. Хоёрдугаарт цөвүүн цагт хүний чадвар доройтож ойлгох чадвар нь муудаж байгаатай холбогдуулан өндөр түвшинд хүрсэн лам нар Бурхан багшийн айлдсан номонд тайлбар хийж шавь нартаа ойлгуулдаг. Тухайлбал Бурхан багшийн үеийн 4 мөр сургаал гэхэд орчин цагийн хүмүүст ойлгуулахын тухайтад тайлбар нь бүхэл бүтэн боть ном болох жишээтэй. Тиймээс дээдэс багш лам нарын айлдсан номлол сургаал нь огт шинэ бус Бурхан багшийн айлдсан нотлолыг өөр олон талаас нь тайлбарласан ба эцэстээ Бурхан багийн айлдсан номонд тулдаг болохыг ойлгох нь зүй ёсны хэрэг болов уу.
d) Ёс суртахуун буюу сахил санваарыг машид нарийн гаргаснаараа онцлог.
e) Бурханы шашинд гадаад, дотоод 10 ухаан байдгаараа онцлогтой.
Үүнд:
        **Гадаад 5 ухаан буюу бага 5 ухаан **  
  1. Зохист аялгуу
  2. Ёгт нэр
  3. Эвсүүлэн найруулхуй
  4. Дуурайн бүжиг
  5. Зурхайн ухаан
    **Дотоод 5 ухаан буюу их 5 ухаан **
  6. Дуун ухаан
  7. Учир шалтгааны ухаан
  8. Урлахуй ухаан
  9. Тэжээхүй ухаан (Анагаар ухаан)
  10. Дотоод ухаан буюу нийтийн бус ухаан
Дээрхэд орчин үеийн өнцөгөөс харахад хэл сурах хамгийн хурдан бөгөөд чанартай сурах арга, илтгэх урлаг, анагаах ухаан, эдийн засгийн ухаан гэх мэт маш олон зүйлүүдийг сурч мэдэх боломжтой юм.
Явуу ямар учиртай, юунд ихээр хэрэглэдэг талаар ?
Явуу нь хэл ам хар муу бүхнийг залгигч
Лусын хамгаалагч бөгөөд
Өөрийн биеэ хамгаалах чадалгүй
Өөрөө түүнийг ухамсарлах чадалгүй 
Тийм үйлд голчлон хэрэглэдэг ажгуу.
Нялх үрийн хамгаалалтад
Алдар нэр хүртэж байгаа хүмүүн бол
Олон түмний хов живээс хамгаалж
Зарга үүсгэгчид бол
Далдуур элдэв зарга үүсгэхээс хамгаалж
Эл явууг шилэн хүзүү, зүрх, бүслүүрт голчлон хийнэ.
Бүслүүрээс доош явууг байрлуулахыг хориглодог
Явууны эзэн гомдоно гэж үздэг.
Мөн цөөн тохиолдолд оройд явууг хэрэглэх нь
Энэ нь хэлэх үг хурц
Хийх үйл арвин
Билэг оюун хурц
Бэхлэх үг нь бүтэн байг гэсэн
Өвгүдийн ерөөлөөр тэргүүнд залахыг зөвшөөрнөм.
Явууг амилуулах арга
Сарны гэрэлд рашаанд хийн хонуулах ажгуу.
Лусын эздийн шидээр
Саран ээжийн сүнсээр
Хайртай үрийн төлөө
Хамаг бүхний төлөө
Явуу таныг би төдий хугацаанд урин залж
Үр балчрийг минь хамгаалахыг хүсэж байна гэж хэлнэ.

Энэ хугацаандаа явууг долоон гарагт нэг удаа
Рашаанд тавьж байх ажгуу.
Явууны хугацааг хэлдэгийн учир
Явуунд гурван жилээс урт хугацаагаар
Амь нь шингэдэггүй
Энэ нь дээд хугацаа юм
Тиймээс өөрөө дэгднэм.

НОГООН ДАРЬ ЭХИЙН ТУУЖ

Сайн цагийн мянган бурханаа мөргөмүй. Эрт урьд зургаан зүйл хамаг амьтны эх болсон илэрхий зөөлөн авирт, илт ногоон тонилгогч Ногоон дарь эх Яншин сүм Дүнжингаравын хийдэд 10 наснаасаа 77 нас хүртэл хатуужил дияаныг бясалган суувай. Дияаны үндсэнийг дүүргээд зургаан зүйл хамаг амьтны эх болсон илэрхий зөөлөн авирт илт хурдан тонилгогч Ногоон дарь эх дээд Сайн цагийн мянган бурхан, Шигамуни бурхан, Очирваань бурхан, огторгуйн түмэн хуврагуудын оронд дээш нисэн өөд болвой.
Мянган бурханы орныг гурван үе эргэж мөргөөд "Би Яншин сүмд Дүнжингаравын хийдэд арван наснаасаа 77 нас хүртлээ хатуужил дияаныг бясалган суувай. Урьдах минь холдож, хойдох минь ойртож эдүгээ ганцаар тул надад нэгэн үр заяа" гэж хутаг гуйсанд Сайн цагийн мянган бурхан зургаан зүйл эмийг адислан өгвэй.
Тэр эмийг зооглосны сүүлд 99 насан дээр нь Очирвааниас үндэстэй, ургамал наран мэт өнгөтэй, улаан вимбийн (тоор жимс) уруултай, өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй, хас эрдэнэ мэт шүдтэй, галбирваасан мод мэт нуруутай, бодтой бурханы дүртэй, Оюу нэртэй бодисадуа хөвгүүн төрвэй. Тэр хөвгүүнийг бадамлянхуа цэцгэнд хучиж, элдэв зүйлийн жимсийг шимүүлэн байтал гурван хоногийн сүүлд хөвгүүн үгүй болон одвой.
Тэр Ногоон дарь эхийн дэлгэр цорой нь дээш эвхтэл татвай. Бадрангуй саруул цээж нь балар харанхуй болж, бат төвшин сэтгэл нь дайвалзан юмжин цагаан хөх нь ширгэн хатвай. Саран цагаан царай нь харлаж, сайхан зандан хөл нь сөхөрч алтан амаар шороо үмхэн унаад, дээр тэнгэрийг дэнсэлтэл, доор газрыг донсолтол уйлж хувхай модноос навч цэцэг ургатал, хонхор газар ус тогттол хайлвай.
Тэр цагт дээд Сайн цагийн Мянган бурханы орноос Шигамуни бурхан өөд болон ирээд баруун мутраас нь дээш татаж аваад гурван үе сургаал талбиад дээш нисэн өөд болвой. Зургаан зүйлийн хамаг амьтны эх болсон илэрхий зөөлөн авирт илт хурдан тонилгогч Ногоон дарь эх алтан жигүүртэй, мөнгөн сүүлтэй бор эрээн харцгай болоод Мянган бурханыг гурван үе эргэж мөргөөд "Би Яншин сүмд Дүнжингаравын хийдэд 10 наснаасаа 77 нас хүртлээ хатуужин дияаныг бясалган суувай. Дияаны үндсэнийг төгсөөд Сайн цагийн Мянган бурханы оронд хүрч "Эдүгээ би ганцаар тул надад нэгэн үр заяа" гэж айлтгасанд 99 насан дээр минь ургасан наран мэт өнгөтэй, улаан вимбийн уруултай, өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй, хас эрдэнэ мэт шүдтэй, галбирваасан мод нуруутай, бодтой бурханы дүртэй, Оюу нэртэй бодисадуа хөвгүүн төрсөн билээ. Бадамлянхуа цэцгийн дотор хучиж байн атал гурван хоногийн сүүлд гагцхүү төрсөн Оюу бодисадуа минь үгүй болон одвой. Сайн заяатай агсан болвоос Мянган бурханы оронд шавь болон төрсөн болов уу гэж санаад ирвэй. Гагцхүү төрсөн бодисадуа хөвгүүнийг минь үзэв үү?" хэмээн мэдүүлсэнд "Эвий зургаан зүйл хамаг амьтны эх болсон Ногоон дарь эх минь чиний гагцхүү төрсөн бодисадуаг чинь үзсэнгүй" гэв. Тэр цагт хойд мөрт зар талбихын тул бэлгэ тэмдгийг айлтганам. "Зүрхний эхэнд таван зуун цогцын бэлгэ бүрдсэн бэх хар мэнгэ буй билээ. Тийм болохул миний хөвгүүн магад мөн" гэж зар талбиад доор Замбуутивд бууж арван найман тамын амьтны аливаа зовлонг арилгаад Замбуутивийн дээр хоёр хөлт хүмүүн, дөрвөн хөлт адгуусанд төрсөн болов уу гэж тэр амьтнаас бас асуувай. Тэд амьтан бас "Үзсэнгүй" гэв.
Замбуутивийн амьтны зовлонг арилгаад Ногоон дарь эх бишгүүр мэт дуунаар хашгираад хайлж яваад "Гадаад далайд живж үхсэн болов уу" гэж санаад гадаад далайг гурван сар болтол шүүрдэж эс олоод, буцаж бишгүүр мэт дуунаар хашгиран хайлж явтал нэгэн хун хэрээ уулзвай. "Зургаан зүйл хамаг амьтны эх болсон Ногоон дарь эх аль газраа морилж явмуй?" хэмээн айлтган үзвээс Ногоон дарь эх "Ерэн есөн насан дээр минь ургасан наран мэт өнгөтэй улаан вимбийн уруултай, өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй, хас эрдэнэ шүдтэй галбирваасан мод мэт нуруутай, бодтой бурханы дүртэй Оюу нэртэй бодисадуа хөвгүүн төрсөн билээ. Тэр хөвгүүн минь гурван хоногийн сүүлд үгүй болон одвой. Түүнийгээ эрэн сураглаж дээд Сайн цагийн Мянган бурханы оронд эрж эс олвой. Доор тамын амьтнаас асууж эс олвой. Замбуутивийн хоёр хөлт хүмүүн, дөрвөн хөлт адгуусанд очиж асуугаад эс олвой. Гадаад далайг гурван сар шүүрдэж эс олвой" хэмээн айлдвай.
Хон хэрээ энэрэхийн сэтгэл үгүй, элэглэхийн сэтгэлтэй, хайрлахын сэтгэлгүй, халдахын сэтгэлтэй боловч хариу "Мэдсэнгүй" гэж айлтгаад Алтан уулын орой дээр долоон үе номын чанар бясалгасан, 99-ний дияан хийсэн есөн хэл мэдэх Огторгуйн мэргэн цагаан арш хар цагаан зурхай зурж, хар цагаан чулуу талбиж байхыг үзвэй. "Тэр мэдэх буй" хэмээвэй. Ногоон дарь эх хэрээнд өргөл талбивай. "Ээ, чи миний замыг зааж, мөрийг шулуутгаж өгснөөр жаварт тэнгэрт даарахгүй биетэй болгоорой. Жаран жалгыг нэвт харах нүдтэй болгоорой" хэмээгээд усан нүдний оронд билгийн нүдийг өгөн соёрхвой.
Тэндээс, Ногоон дарь эх Алтан уулын орой дээр очоод долоон үеийн номын чанар бясалгасан, 99 жил дияан хийсэн, есөн хэл мэдэх Огторгуйн мэргэн цагаан аршийг гурван үе эргэж мөргөөд айлтгавай. "Би Яншин сүмд Дүнжингаравын хийдэд 10 наснаас 77 нас хүртлээ хатуужил дияаныг бясалган суувай. Дияаны үндсэнийг дүүргээд эдүгээ гагцаар тул "Нэгэн үр заяа" гэж Сайн цагийн мянган бурханаас хутаг гуйсан тул 99 насан дээр минь ургасан наран мэт өнгөтэй, улаан вимбийн уруултай, өндөр Бяруузана мэт тэгш сайхан биетэй, хас эрдэнэ мэт шүдтэй, галбирваасан модон мэт нуруутай, бодтой бурханы дүртэй Оюу нэртэй бодисадуа хөвгүүн төрсөн билээ. Тэр хөвгүүн минь гурван хоногийн сүүлд үгүй болон одвой. Дээд Сайн цагийн мянган бурханы оронд эрж эс олвой. Доор тамын амьтнаас асууж эс олвой. Замбуутивийн дээр хоёр хөлтэй хүмүүн, дөрвөн хөлтэй адгуусанд очиж асуугаад эс олвой. Гадаад далайд гурван сар шүүрдэж эс олвой. Тиймийн тул би Огторгуйн мэргэн цагаан арш танд бэлгэ төлөг айлтгая" гэв.
Огторгуйн мэргэн цагаан арш цагаан, ногоон, хөх гурван өнгийн чулуугаар зурхай зурж бэлгэ буулгаад "Авай зургаан зүйлийн хамаг амьтны эх болсон Ногоон дарь эх минь, гагцхүү төрсөн Оюу бодисадуа хөвгүүн чинь Сайн цагийн Мянган бурханы оронд байна гэж буух чинь юу вэ?" гэв. Тэр цагт Ногоон дарь эх "Авай энэ зарлиг чинь үнэн болтугай. Үнэн болохул ширгэсэн юмчин цагаан хөхнөөс минь сүү урс" гэж байтал юмчин цагаан хөхнөөс нь сүү далай мэт урсвай. Алтан тэвш дүүртэл сааж барьц барьж барамидыг гүйцээвэй.
Огторгуйн мэргэн цагаан арш бас өнгийн чулуугаар бэлгэ буулгаад "Ногоон дарь эх минь, Оюу бодисадуа хөвгүүн чинь ахуй их магтаалтай, арилсан номын биетэй, арван нэгэн нигууртай, Авид бурхан титэмтэй, төгс лагшин биетэй, тэгш мянган мутартай, алга бүгддээ нүдтэй, амьтныг нигүүлсэхүй дүртэй, арц зандан үнэртэй, элдэв хивийн хувцастай, эрдэнэсийн чулуун чимэгтэй, Хонсим бодисадуагийн зарлигтай, хун галбингаагийн эгшигтэй, хутаг эрдэм төгссөн зургаан үсгийн тарнитай, гурван цагийг айлдагч бэлгэ билгийн зүрхтэй, хүсэл бүгдийг хангагч чандмань эрдэнийн сантай, хүчин бүгд нь төгссөн цагаан лавайн өнгөтэй, цаглашгүй гэрэлтэй бодтой бодисадуа лавтай мөн гэж буух чинь юу вэ?" гэв. Ногоон дарь эх "Энэ зарлиг чинь үнэн болтугай" гэж эрдэнэт дөрвөн мөчөө барьц барьж барамид гүйцээвэй.
Бас, нэгэн өнгийн чулуугаар бэлгэ буулгаад Оюу бодисадуаг чинь эх болсон зургаан зүйл амьтны зовлон ихэдсэний тул Сайн цагийн Мянган бурханы оронд Шигамуни бурхан, Очирваань бурхан, Огторгуйн түмэн хувраг хулгай хийж аваад алтан суварганы дотор 366 давхар алтан цагаан бумбаны дотор буруулан байна гэж буух чинь юу вэ?" хэмээсэнд Ногоон дарь эх бие, хэл, сэтгэл юүгээ барьц барьж барамидыг гүйцээвэй. Ногоон дарь эх Огторгуйн мэргэн цагаан аршид ерөөл талбивай. "Чи энэ насанд хар багш агсан боловч хойд насандаа Жимсгэлэн нэрт уулыг эзлэн Цагаан өвгөн нэртэй бурхан болж туулаад хамаг хүмүүн, адгуусны гамшиг дамшгийг арилгаж, баруун мутартаа луун тэргүүнт таягийг барьж явах болтугай" гэж ерөөл талбивай. "Ногоон дарь эх минь, Оюу бодисадуа юугаа эрж олоод зовлонт амьтныг зовлонгоос тонилгоод амгалан өөд болж явтугай" гэв. Ногоон дарь эхийн ерөөл талбисны хүчээр Цагаан өвгөн гэж явагч Очирдарь бөлгөө.
Зургаан зүйлийн хамаг амьтны эх болсон илэрхий зөөлөн авирт, илт хурдан тонилгогч Ногоон дарь эх алтан жигүүртэй, мөнгөн сүүлтэй бор тарлан харцгай болон хувилаад дээд Сайн цагийн Мянган бурханы оронд зорин очоод бишгүүр мэт дуунаар хашгиран хайлж хар уулын орой дээр хархиран явагч хар эрээн барс минь хаа байна" гэж хангинан дуудаж хүрэн уулын орой дээр хүрхрэн явагч хүрэн эрээн барс минь хаа байна? гэж дуудаж хангинаж явтал хоёр замын уулзвар дээр нэгэн хар хэвнэг өмссөн, араг үүрсэн хатагтайг үзээд хамаг чимгээ түүнд тайлж өгөөд түүний аргийг үүрч, баруун гартаа эрээн таар барьж, зүүн гартаа хувхай таяг барьж гуйланч эмгэн болон хувилж, зарсан хүмүүний гэрт гурван сар явбай.
Тэр цагт Сайн цагийн мянган бурхан Оюу бодисадуаг зуны дунд сарын 15-нд арван найман хөлтэй алтан ширээн дээр залаад зүг зүгт нь мянгаад бодисадуагаар хүрээлүүлж авшиг номыг сонсож байвай. Ногоон дарь эх түүнийг харахул "Миний хөвгүүн мөн бололтой" гэж санаад даган гаран ядаж байтал Шигамуни бурхан зарлиг болвай. "Та нар энэ эмгэний хэн байна гэж санадаг вэ?" хэмээхэд тэр бодисадуа нар "Бид танихгүй" гэв. Ногоон дарь эх "Энэ биш үү?" гэв. Тэгмэгц тэр бодисадуа нар Ногоон дарь эхийн өмнөөс цагаан солонго татуулж Оюу бодисадуаг ширээнээс нь буулгаж аваад 366 давхар алтан цагаан бумбаны дотор буруулаад өөр нэгэн бодисадуаг ширээнд суулгаад тахиж байвай.
Тэр цагт Ногоон дарь эх цагаан солонгыг үлээж орхиод харан гэхүл өөрийн бодисадуагүй, танихгүй нэгэн бодисадуаг үзвэй. Ногоон дарь эхийн саран цагаан царай нь харлаж, сайхан зандан хөл нь сөхөрч бишгүүр мэт дуунаар хашгиран хайлж "Гагцхүү төрсөн Оюу бодисадуа минь, намайг юун орхих чинь энэ билээ?" гээд амаараа шороо үмхэн унавай.
Тэр цагт Шигамуни бурхан өөд болж баруун мутраас нь дээш татаж аваад аман дахь шороог нь хэлээрээ долоогоод гурван үе дээш татаж босгоод гурван үеийн сургаалыг айлдвай. "Амрагийн эцэс хагацдаг биш үү. Хагацсаны эцэс уулздаг биш үү. Төрсний эцэс үхдэг биш үү. Үхсэний эцэс төрдөг биш үү. Тарьсны эцэс хатдаг биш үү. Хатсаны эцэс тарьдаг биш үү" хэмээн сургаж зарлиг болоод орондоо өөд болвой.
Зургаан зүйлийн хамаг амьтны эх болсон илэрхий зөөлөн авирт, илт хурдан тонилгогч Ногоон дарь эхээ бишгүүр мэт дуугаар хашгиран хайлж байхыг Оюу бодисадуа хөвгүүн сонсоод Оюу бодисадуа хөвгүүн нь часхийтэл дуун гаргаад "Цагтай юм цагтаа, хэмжээтэй юм хэмжээндээц гэж айлдаад 366 давхар алтан бумбыг дэлбэ тийрч алтан суваргыг орхин гараад эхдээ ирж хүзүүнээс нь тэвэрвэй.
Тэр цагт тэр хоёрын уйлах дуунд Шигамуни бурхан ширээнээс шилжин догдолж байвай. Байсан шавь нар бүгд барагдашгүй уй гашуунд дарагдвай. Очирваань бурханы гурван өдрийн дун бүрээний дуун тасарч хурлын чуулган тасарвай. Эх, хөвгүүн хоёрын уйлсан нулмис нэгэн их далай болж, тэр далайгаас уусан хүн амьтан эрхтэн дутуу нь эрхтэн бүрэн болж, балай амьтан нүдтэй болж, дүлий амьтан чихтай болж байвай. Тэр цагт Шигамуни бурхан, Сайн цагийн мянган бурхад болон хамаг бодисадуа нар ирж Ногоон дарь эх, хөвгүүн хоёрыг хагацуулан ядвай.
Очирваань бурхан дор Шигамуни бурхан зарлиг болвой. "Чи нэгэн аргатай биш үү, энэ эх, хөвгүүн хоёрыг хагацуулж үз" гэв. Тэгмэгц Очирваань бурхан ширүүн дүр бариад оройн очирыг булга татаж аваад хоёр төмөр соёо болгоод баруун хөлнөөсөө бараан эрээн лууг гаргаж, зүүн хөлнөөсөө шар эрээн луу гаргаж хүрхрүүлэн эх, хөвгүүн хоёрыг хагацуулвай. Ногоон дарь эх хөвгүүнээ баруун мутраас нь барьж байгаад бас дахиад "Бас дахин үгүй болох болов уу гэхүл тавьж болохгүй байна" гээд дахин тэвэрвэй. Тэр цагт Оюу нэрт бодисадуа эхээсээ алдуулж ядаад гучин хоёр лагшин төгссөн эрдэнэт цагаан шүдээ булга татаад гурван насны дүрээр хувилж эхийн юмчин цагаан хөхийг хөхөн суувай. Гурван сар болсон хойно эхийн хөх дундаа орж хөвгүүн ч ханавай.
Тэр цагт эх, хөвгүүн хоёр талбилцвай. Эх, хөвгүүн бидэн хоёрын уйлах дуунд Шигамуни бурхан ширээнээс шилжин догдолж гэнэм. Байсан шавь нар бүгд барагдашгүй уй гашуунд дарагдаж гэнэм. Очирваань бурханы дун бүрээний гурван үеийн хурал тасарвай гэнэм. "Одоо бидэн хоёр тэр алдлаа наминчилсугай" гэж таван зуун илжиг, луусаар хив хадаг ачиж ирээд арван найман хөлтэй алтан ширээн дээр бурхан, бодисадуа нарыг залаад барьц барьж барамидыг гүйцээвэй.
"Би Оюу бодисадуа юун ирж явахдаа олон амьтныг үзвэй. Жаргалтай амьтан ч олон, зовлонтой амьтан ч олон байна. Гэвч зовлонт амьтан илүү олон бололтой байна. Би тэр зовлонт амьтныг зовлонгоос тонилгоё гэж санасан минь зөв буюу, буруу буюу?" гэж айлтгавай.
Тэр бурхан, бодьсадуа нар "Авай энэ санаа чинь зөв зөв. Сайхан санаа байна. Бид илт туулсан бурхан ч болов амьтныг энэрч чадахгүй байна" гэж зарлиг болоод "Бид харин даган баясалцъя" гэв. Тэдүй бодисадуа нар Ногоон дарь эх, хөвгүүн хоёрыг бас арван найман хөлтэй ширээн дээр залж долоонтоо тойрч, гурвантаа мөргөөд "Чамайг юун бид зовоосон учир болвоос зургаан зүйл хамаг амьтны зовлон их болсны тул зовлонт амьтны зовлонг үзтүгэй гэж чилээсэн минь тэр бөлгөө" гэж хив хадгаар барьц барьж барамидыг гүйцээвэй.
Зургаан зүйл хамаг амьтны эх болсон Ногоон дарь эх Оюу бодисадуа хөвгүүн юүгээ аваад Замбуутивийн арван найман харанхуй тамын амьтныг зорьж их тэрэгний замаар орж явтал хоёр замын уулзвар дээр нэг үхсэн өвгөн лам хэвтэхийг үзээд "Энэ эрдэнэт хүмүүний яаж хагацсан хувраг буй" гээд очвоос арайхан үхсэнгүй амьд хөдөлж хэвтэхийг үзээд эрдэнэт дөрвөн мөчин дээрээ өргөж талбиад юмчин цагаан хөх юүгээ хөхүүлэн гурван сар тэжээгээд чинагш дагуулан явтал өвгөн ламын турсан нь их тул яван чадахгүйд эх, хөвгүүн хоёр ээлжлэн өргөвэй. Мөрний мах барагдаж ясыг цайтал үүрч явтал өвгөн лам мөнх бусын дүрийг үзүүлвэй.
Түүний хүүрийг нэгэн их хурал сүм байхын дэргэд оршуулан талбиад чинагш тамын оронд хүрээд тамын дэргэд алтан гүрмэл зандан суварга босгож, тэр суварган доор эх, хөвгүүн хоёр дияаныг бясалган суувай. Тэр тамын амьтан бурханы хутгийг олж байвай. Тэр цагт огторгуйгаас алтан эмээл хазаартай навчин хар морь ирээд эх, хөвгүүн хоёрт хөлөг болж тэр тамын амьтныг зовлонгоос гарган тонилговой.
Тэр цагт эрлэгийн түмэн яргачин Эрлэг номун хаандаа ирээд "Бид тамын сахиусны тул там юун дүүрэн болбол баярладаг, хоосон болхул гомддог билээ. Одоо там хоосон болоход хүртэй" гэж айлтгасанд Эрлэг номун хаан зарлиг болвой: "Тэр морийг барьж иртүгэй" гэв. Эрлэгийн түмэн яргачин тэр морийг барих гэж иртэл тэр морь ухаанаар мэдээд яргачны өмнөөс угтаж иртэл яргачин моринд өгүүлрүүн "Бид чамайг барих гэж ирсэн бөлгөө" гэв. Тэр морь өгүүлрүүн "Би тамд унах заяатай бөгөөс та нар хийвч, эс хийвч унахгүй биш үү" гэж хэлээд өөрөө баригдвай. Тэр эрлэгүүд морийг аван одох цагт морь яргачныг үс бүгдийн үзүүр дээрээ унуулж Эрлэг хаанд одвой. Эрлэг хаан зарлиг болвой: "Энэ морийг халуун тамд орхигтун" гэв.
Түмэн яргачин морийг аваачаад халуун тамд орхивой. Тэр эрлэгүүд тамын өрхнөөс шагайж харан гэхүл тэр тамын өрхнөөс алтан салаатай, мөнгөн навчтай элдэв зүйлийн жимс ургаад, сэрүүн сайхан булаг урсаад, хөх сайхан навч дэлгэрээд тэр тамын зовлонт амьтан хун цэнгийн дуун мэт эгшиг дуурсган Сайн цагийн Мянган бурханы оронд зорин шавь болон төрж байвай. Яргачин нар хаандаа очоод тэр "Тэр ямар жигтэй морь буй. Тун эс мэдэв" гэж морины аливаа учрыг дэлгэрэнгүйеэ айлтгаваас Эрлэг номун хаан бас "Хүйтэн тамд орхи" гэв.
Хүйтэн тамд орхиод мөн тамын өрхөөр харан гэхүл бас урьдах тамын ёсоор тамын амьтан тонилж байвай. Бас яргачин Эрлэг хаандаа ирж айлтгавай. Хаан "Тэр морийг гурван давхар ширмэн байшинд есөн давхар төмөр ногтоор ногтолж, есөн давхар төмөр чөдрөөр чөдөрлөж орхигтун" гэв. Яргачин нар тэр морийг харанхуй хар байшинд орхиод орон орондоо тархвай. Тэр морь ширмэн байшинг дэлбэ дайрч гараад Ногоон дарь эх, хөвгүүн хоёрт очиж "Урьдах хоёр замын уулзвар дээр хэвтсэн өвгөн лам би бөлгөө. Мөрний мах барагдаж, ясыг цайтал үүрсний ачийг хариулж чадав уу, эс чадав уу эс мэдэв. Дээд Галтан тэнгэрийн гагц охин таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагиныг Оюу бодисадуагийн хатан болгож өгөөд юмчин цагаан хөхний сүүний ачийг хариулъя" хэмээгээд огторгуйд нисэн одвой.
Тэр цагт түмэн яргачин ширмэн байшинд ирж морийг үзвээс үгүй ажгуу. Бас, Эрлэг хаанаас элч ирээд тэр яргачныг "Морио авч ирэгтүн" хэмээвээс айлтгах үгээ олж ядан гурван хоног тамын амсар дээр хэвтвэй. Эрлэг хаан эрхгүй "Бараалх" хэмээсний тул түмэн яргачин хаанд ирж "Бид тэр морийг тун эс мэдэв. Харанхуй ширмэн байшингаас үгүй болж байнам" хэмээн айлтгасанд хаан мишээгээд "Тэр морь бус, Шигамуни бурхан буюу" хэмээж тэр Ногоон дарь эх, хөвгүүн хоёрыг энд залж ирэгтүн хэмээвээс Ногоон дарь эх, хөвгүүн хоёрт элч очиж Эрлэг хааны зарлигийг айлтгаваас бид эх, хөвгүүн хоёр тамын амьтны тусын тулд дияан бясалгаж суумой. "Дияаны үндсийг төгсөөд очиж бараалхъя гэв". Тэр элч харив.
Тэдүйхэн Ногоон дарь эх, хөвгүүн хоёул Эрлэг хаанд очвоос хаан тэдний өмнөөс үнэртэн шатааж угтаад алтан шар ширээн дээр залж эргэл мөргөл хийж байгаад ийн айлтгаруун "Ногоон дарь эхийн адистид нь ер хэдүй чинээ болов?" гэж айлтгаваас Ногоон дарь эх бээр "Хай, эс мэдэв. Эрт урьд цагт Шигамуни бурхан зарлиг болдог билээ. Ногоон дарь эхийн туужийг дуудаж судар номыг уншваас гурван муу заяанд ер үл унах гэж байдаг билээ" гэв. Түүний хойно Эрлэг хаан бээр "Тэр үнэн болохул мянган галав нөгчөөгүй цагт би буян, хилэнц хоёрыг ялгасаар баймуй. Мянган галав нөгчсөний хойно шавь тань болон төрөх ерөөл талбия" хэмээвэй. Түүнээс мянган галав нөгчөөгүй цагт Ногоон дарь эх амьтныг тонилгож байх, Эрлэг хаан буян, хилэнц хоёрыг ялгаж байх учир тэр бөлгөө.
Тэр цагт бурхан, бодисадуа нарын айлдсан нь "Ногоон дарь эхийн хөвгүүн Оюу бодисадуа ертөнцийн хаан болж төрийг барих цагт Галдан тэнгэрийн гагц хүүхэн таван ухаанд мэргэжсэн тансаг зандан дагиныг хатан болгож суулгаваас орчлонгийн хүмүүн, амьтан үхэх зовлонгүй, үгүйрэх гарзгүй энх жаргаж мөнх наслах болно гэж айлдсан бөлгөө. Тэр ёсоор найман эрдэм бүрдсэн навчин хар морь хан тэнгэрийн оронд халин нисч явтал Галдан тэнгэрийн гагц хүүхэн таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагина амьтны тусыг сэтгэж ариун оронд зугаалан явж байгаад тэр морийг үзэж зарлиг болвой. "Гурван ухаанд мэргэжсэн Гоо сэцэн дагина минь, энэ юун сайхан үзэсгэлэнтэй морь вэ? Үүнийг над авчир, би унаж сорьж үзье" гэв.
"Таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагина минь, уужим сайхан цээжиндээ учрыг хянан бодоорой. Утгыг шинжлэн мэдээрэй. Унах адгуус биш бололтой. Урих сахиусан мөн бололтой" хэмээсэнд таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагинын таалал сэтгэлд нийлсэн тул "Найман эрдэм бүрдсэн навчин хар морийг надад барьж ир" гэв. Гурван ухаанд мэргэжсэн Гоо сэцэн дагина өвсний үзүүрт туурайгаа хүргэлгүй, өндөр ууланд сүүдрээ хүргэлгүй өөд сөөргөө хатиран яваа найман эрдэм бүрдсэн навчин хар моринд алтан уургыг сунгаж, мөнгөн хуйваар оосорлож барьж авав. Таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагина найман эрдэм бүрдсэн навчин хар морийг хөлөглөөд тавтай сайхан гүйдлээр нь таван бээрийг өнгөрөөд уужим сайхан гүйдлээр арван бээрийг өнгөртөл Сүмбэр уулын хөндийгөөр ороод Сүн далайн хөвөөгөөр тойроод "Хүүе" гэхийн завгүй хүмүүний ертөнцөд хүрч, "Зай" гэхийн завгүй Замбуутивд ирж буувай.
Гурван ухаанд мэргэжсэн Гоо сэцэн дагина Галдан тэнгэр эцэгт нь, Галбир хатан эхэд нь, Нармай тэнгэр ахад нь, наян түмэн дагинаст нь яаралтай мэдээг зарлаад явж нэхэж ирэв. "Таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагина минь, Галдан тэнгэр эцгээ гасланд нэрвэгдүүлж, Галбир хатан эхээ зовлонд живүүлж, Нармай тэнгэр ахаа энэлэнд дарагдуулж, наян түмэн дагинасаа өнчин болгож орхив уу. Өнөр олноо орхиод өнчин ганцаар юунд одов?" гэж дуудсанд "Гурван ухаанд мэргэжсэн Гоо сэцэн дагина минь, уужим сайхан цээжиндээ учрыг хянан бодоорой. "Ногоон дарь эхийн хөвгүүн Оюу бодисадуагийн хатан болбол орчлонгийн үхэх зовлонгүй, үгүйрэх гарзгүй энх жаргаж, мөнх наслах болно" хэмээсэн буцааж болшгүй бурханы зарлигийг дагаж явна. Хаан эцэг, хатан эх, хамаг улсад минь хариу учрыг айлтга" хэмээсэнд тэнгэрийн орны улс бүгдээр тэнцэшгүй ихээр гашуудан уйлвай.
Ногоон дарь эхийн хөвгүүн Оюу бодисадуа таван ухаанд мэргэжсэн Тансаг зандан дагина хоёул сэтгэл нийлэлцэж Ногоон дарь эхийн хамтаар бурхан, бодисадуагийн зарлигаар Бодала уулын дэргэд алтан ордыг барьж, мөнгөн суваргыг байгуулаад амар жаргалангаар ажирахын цагт орчлонгийн хамаг амьтан үхэх зовлонгүй, үгүйрэхийн гарзгүй энх жаргаж, мөнх наслан суувай. Ногоон дарь эхийн тууж төгсвэй.